1930 онд професер Василие Леонтев Салбар хоорондын тэнцлийн загварыг боловсруулан хөгжүүлж 1973 онд Эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн. Салбар хоорондын тэнцэл нь тухайн улс орны эдийн засгийн бүтэц, харилцан хамаарал, эрэлт, нийлүүлэлтийн тэнцлийг цогцоор харуулдаг.
Энэхүү тэнцлийн үзүүлэлтүүдэд хийх дүн шинжилгээ нь улс орны эдийн засгийн тэнцвэрт харьцаа, эдийн засгийн салбарын бүтэц, тэдгээрийн харилцан нөлөөлөл, тэргүүлэх салбаруудын гүйцэтгэж буй үүрэг; хөрөнгийн хуримтлал, экспорт, импортын бүтэц зэрэг эдийн засгийн Онол арга зүй хөгжлийн үндсэн асуудалд макро түвшинд үнэлгээ өгөхөд чиглэдэг. Тиймээс бодлого боловсруулагчдын зүгээс уг тэнцэл, түүнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох хэтийн төлөв, прогноз, чиг хандлагыг боловсруулахад суурь мэдээлэл болгон ашиглах асуудал нэн чухал юм. Нөгөөтэйгүүр, салбар хоорондын тэнцэл, түүний үр дүнгийн мэдээллүүдийг эрдэмтэд, судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд өөр өөрсдийн эрдэм шинжилгээ,судалгааны ажилдаа өргөн ашиглаж бодлогын хувилбар, төсөөлөл, таамаглал, загвар боловсруулах боломж бүрддэг.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад ашиглаж байсан Улс ардын аж ахуй балансын аргачлалд суурилсан Салбар хоорондын тэнцлийг 1963, 1966, 1970, 1977, 1983, 1987 онуудад зохиож байсан. 1990 оноос Монгол улс олон улсын түвшинд мөрдөгддөг Үндэсний тооцооны системд шилжиж 1997, 2000 онуудад ҮТС-н аргачлалд суурилсан Салбар хоорондын тэнцлийг туршилтын журмаар зохиосон байдаг. Статистикийн тухай хуулийн МУ-ын хуулийн 7-р зүйл, ҮСХ-ны даргын 2011 оны 26 тоот тушаалын дагуу Нөөц ашиглалтын хүснэгт (НАХ), Салбар хоорондын тэнцлийг (СХТ) 2010 оны тоон дээр суурилан олон улсын түвшинд мөрдөгдөж буй Үндэсний Тооцооны системийн аргачлалын дагуу боловсруулагдсан.
Categories: Макро Эдийн Засаг