• Судалгааны сэдэв: “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хувилбарын төсөл”-2020

Судлаач: Р.Ринчинбазар болон судалгааны баг

Судалгааны агуулга: Тус судалгааны хүрээнд “Бүс нутгийн шинжлэх ухааны үндэс” номыг хэвлүүлж нийтийн хүртээл болгосон. Номонд бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудлууд орсоноос гадна энэ чиглэлээр судладаг олон судлаач, багш нарын сонирхолтой саналууд багтсан болно. Энэхүү ном нь бүс нутгийн болон салбарын, орон нутгийн чиглэлийн судаач, бодлого боловсруулагч нарын ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.

  • Судалгааны сэдэв: “Засгийн газрын бүтцэд бодлогын судалгааны төв байгуулах ач холбогдол, хэрэгцээ, шаардлага, үр нөлөө”

Судлаач: В.Данаасүрэн, Д.Чимэддагва, Б.Төгөлдөр

 Судалгааны агуулга: Европын холбооноос санхүүждэг Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал (EG4EG) төслийн хүрээнд Засгийн газрын бүтцэд бодлогын судалгааны төв байгуулах хувилбарууд, эрх зүйн орчиныг судлаж санал зөвлөмжүүд боловсруулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хүрээнд хөгжлийн бодлого төлөвлөлт нь нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байхын зэрэгцээ судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх ёстой гэсэн зарчимд үндэслэсэн. Төсөв, сангийн бодлогыг боловсруулахад Think tank хэлбэрийн бодлогын судалгааны байгууллагын оролцоог нэмэгдүүлэх асуудал нэн чухал байгааг онцлон тэмдэглэсэн.

  • Судалгааны сэдэв: “Монгол улсын тогвортой хөгжил ба салбар хоорондын тэнцлийн шинжилгээ”

Судлаач: В.Данаасүрэн,Д. Чимэддагва, Р.Ринчинбазар

Судалгааны агуулга: Судалгааны эхний хоёр хэсэгт Монгол улсын эдийн засгийн хөгжлийн онцлог, тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлээр хийгдсэн эрхзүйн шинэчлэлтүүдийг товч дүгнэсэн. Гуравдугаар хэсэгт эдийн засгийн бүтэц, салбаруудын хамаарлыг бүхэлд нь харуулж, хөгжлийн төсөөлөл, таамаглал хийх боломжийг олгодог Леонтивийн салбар хоорондын тэнцлийн шинжилгээг 2014 оны статистик мэдээлэлд үндэслэн хийж, тодорхой хувилбаруудаар хөгжсөн тохиолдолд тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцоолж, санал дүгнэлт өгөв.

  • “Хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний гарын авлага

Судлаач: Н.Одмаа, Д.Чимэддагва

Судалгааны агуулга: 2014 онд НҮБ-н хөгжлийн хөтөлбөр болон ҮХГ (хуучин нэрээр) хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд манай судлаач Д.Чимэддагва, Н.Одмаа нар  Хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийн хуулийн төслийг УИХ-р батлуулахад дэмжлэг үзүүлэх, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ үнэлгээний гарын авлагыг гадаадын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран боловсруулах, Сургагч багш нарын сургалтын “Зах зээлийн нөхцөлд Төлөвлөлт хийх нь” хөтөлбөр боловсруулах, Мастер төлөвлөгөөг гадаадын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтарч боловсруулах, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний гарын авлага, сургалтын матералын  хүрээнд хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах чиглэлээр ажилласан. Энэхүү ажлын хүрээнд 2016 онд  “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль” УИХ-р батлагадсан. Түүнчлэн хуулийг дагалдаж гарах журмууд, гарын авлага, сургалтын материалууд хийгдсэн.

Categories: Мэдээ