Дэлхийн банк: Төсвийн бодлогод итгэх итгэлийг хангахад энэ оны нэгдсэн төсөвт тохиргоо хийгдэх шаардлага тулгарч байна.


Улаанбаатар, 6 дугаар сарын 22, 2015 — Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг Монголын эдийн засгийн ээлжит сарын тойм нь "Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байгаа ч өнгөрөгч 5 дугаар сард Оюутолгойн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд 2 тал гарын зурсан үйл явдал нь зах зээлийн орчинд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт авчирлаа” гэдгийг онцлов.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч ноён Тайхюн Ли нь "Оюутолгойн 2 дахь шатны хөрөнгө оруулалтад талууд зөвшилцөлд хүрсэн нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээхэд чухал алхам боллоо. Энэ нь богино хугацаанд төлбөрийн тэнцэлийн хүндрэлийг зөөллөхөд нөлөөлөх боломжтой ба урт хугацаанд Монголын эдийн засгийн өсөлтийн чадавхид эерэгээр нөлөөлнө” гэдгийг цохон тэмдэглэв.
Уг сарын тойм нь төсвийн орлогын тасалдал эхний 5 сарын байдлаар 18 хувьд хүрсэн өнөөгийн орчинд төсөвт тохиргоо хийгдэх шаардлага байгааг чухалчлав. Импорт буурч байгаа, зэс, газрын тосны үнэ бага түвшинд байгаа болон эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн зэрэг нь дээрх хэмжээний орлогын тасалдал үүсэх үндсэн шалтгаан болов гэжээ.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон "Төсвийн бодлогод шаардлагатай тохиргоо хийгдэх нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн үндсэн шалтгаануудыг засахад тусална” гэдгийг онцолсон. Мөн тэрээр "Төсөвт тохиргоо хийх нь Засгийн газар зардлаа эргэн харж, улмаар орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулах, төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагыг хангахад тусална” гээд "Зардалдаа тохиргоо хийхдээ хүн амын эмзэг бүлгийхэнд хохиролгүй байх тал дээр онцгойлон анхаарах нь зүйтэй юм” гэдгийг мөн сануулав.

Холбоо барих:
Улаанбаатар, Монгол улс: Пунцагийн Тина, +(976) 7007-8207, tpuntsag@worldbank.org
Уг тайлангий дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авах боломжтой: www.worldbank.org/mongolia